Мэдээ

БУРХАНЫ ШАШИНТАН ГЭЖ ХЭН БЭ

Бурханы шашинтан гэж шашны залбирлыг уншин, эрхи эргүүлж, хийд орон гороолсон төдийхнийг хэлэхгүй. Энэ бол гадаад үзэгдэл төдий юм. Дээдийн номыг сэтгэлдээ, явдалдаа дадуулан, сэтгэл санаандаа буяны үр суулгасан, хамгийн чухал нь хамаг амьтны тусын тулд багш болон чухаг дээд гуравтаа өдөр бүр аврал одуулах зэргийг үйлддэг байх ёстой юм. Тиймээс бурханы шашинтан хүн Бурхан, Ном, Хувраг, үйлийн үр, нүгэл буян, авах гээхийн ухаан, амьдралын мөн чанар гэдэг нь чухам юу болохыг сайтар ойлгодог байх хэрэгтэй. Мөн өөрийгөө төвчлөх буюу би, минийх хэмээх атгаг үзэлд автаж болохгүй юм. Бурханы шашинт хүн хамгийн гол нь машид энэрэнгүй нинжин сэтгэлтэй байх учиртай юм. Энэ даян дэлхийн нийт хүн зоны төлөвшүүлэх хэрэгтэй үзэл юм. Бурханы шашинтан хүн хамгийн гол нь юунаас айж явах хэрэгтэй вэ? гэвэл, өөрийг ба бусдыг хорлодог нисванист муу сэтгэл үүсгэхээс сэрэмжилдэг байх хэрэгтэй юм.

Орчлонгийн жамыг ухаарахын тулд аливааг учир шалтгааны үүднээс нягтлан бясалгадаг байх хэрэгтэй. Орчлонгийн учир шалтгааныг мэдэхийн тулд Бурхан багшийн дараах сургаалыг ойлгох хэрэгтэй. Манай оронд дэлгэрсэн Бурханы шашны их хөлгөний ёсны нэгэн үзэл болох дээд үзэл буюу дөрвөн тогтсон тааллын нэг болох төв үзэлд харъяалагдах “төв үзлээс хэтийдсэн” хэмээх тогтсон таалалтны ёсонд ертөнцөд оршиж буй зүйлс гурван зүйлд харъяалагддаг гэж үздэг ба тэдгээр нь:

1.  Эгэл төрөлхтөн бид нар аливаа учир шалтгаанд шүтэлгүйгээр илтэд мэдэж чаддаг буюу онож чадах нүдэнд харагдаж гарт баригдаж буй зүйлс.

2. Эгэл төрөлхтөн бид илтэж мэдэж чаддаггүй ямарваа нэгэн учир шалтгаанд үндэслэн онож мэдэх хэрэгтэй зүйлс. Жишээ нь: Нөгөө өрөөнөөс хоол үнэртэж байвал хоол байгаа буюу хоол хийж  байна гэж ойлгоно. Энэ нь яагаад учир шалтгаанд шүтэж мэдэх хэрэгтэй зүйлс болж байна вэ? гэхээр, бид шууд өрөөний цаадахыг харж хоол байгаа  үгүйг мэдэж чадахгүй. Харин хоолны үнэрээр тийм дүгнэлтэнд хүрч байгаа учраас учир шалтгаанд шүтэж мэдэх хэрэгтэй зүйлс болж байгаа юм.

3.  Учир шалтгаанд шүтээд мэдэх хэрэгтэй зүйлст харъяалагддаг ба гэхдээ эгэл төрөлхтөн бидэнд учир шалтгаан нь шууд илтэд мэдэгдэхгүй, бурханы аман айлдвар гэх мэт буюу бурхан айлдсан гэсэн шалтгаанд үндэслэж ухаж мэдээд сэтгэл итгэмжлэх хэрэгтэй зүйлс юм. Жишээ нь: Хойд урд төрөл, үйлийн үрийн онол , гурван эрдэнэ байдаг гэсэн эсвэл энэ төрөлдөө өглөг сайн өгвөл дараа төрөлдөө төгс эдлэлийг олно, сахил сайн сахивал амар амгаланг олно гэсэн сэтгэл итгэлийн  зүйлс юм. Энд дурдахад, бурхан багш бээр аливаа бодьгалсын ухаанд нь тааруулж номоо айлддаг байсан гэдэг. Тэгвэл бурхан л айлдсан хэмээн бүх айлдварт нь мухар сүсгээр хандалгүйгээр өөрийн ухааны цар хэмжээнд хэр нийцтэй байна, түүнийг сайн нягталж судалж мэдсэнийхээ дараа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин хойд урд төрөл ба гурван эрдэнэ байдаг гэсэн мөн үйлийн үрийн онолын сургааль нь буддын шашны гол амин сүнс нь болохоор бурханы шашинт хүмүүн бээр сэтгэл итгэмжлэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг үүнд харуулж байна.

Шашин шүтлэг гэж мэддэггүй, сүсэг шүтлэггүй хүн бол сэтгэл нь цулгуй, тодорхой эш онолд суурилсан итгэл үнэмшлээр бага байдаг. Зарим хүн нь ямар ч шашингүй гэдгээрээ бахархах байдалтай байдаг бөгөөд тиймэрхүү хүмүүс хичнээн өндөр мэдлэг боловсролтой ч зөвхөн энэ насны амьдралын төлөөд чиглэсэн хатуу сэтгэлтэй, сэтгэлийн холбоо сулхан, ихэнхдээ муйхар мухар байдаг. Тэрбээр бусдыг ашиг хонжоо болгож харах, бусдын амь бие, амьдралыг жаахан ч бодох сэтгэлгүй болсон байдаг. Тийм л болохоор сүсэг бишрэл нэн тэргүүнд тавигдах учиртай юм.