Мэдээ

Бурханы шашны өв соёл: Цамын бүжиг

ЦАМ ХАРАЙХ ЗАН ҮЙЛ

“Номт гурван орон”-ы нэг хэмээн алдаршин нэршсэн Монгол оронд дорно дахины “тойрон бүжих” ухаан буюу “цам” хэмээх нууц тарнийн бясалгал, зан үйлийн ёслол жил бүр болдог билээ. “Цам”-ын зан үйл нь хэдийгээр Төвдөөс уламжлагдсан боловч монгол төрх байдал, монгол зан үйлийг шингээсэн монголчуудын шашин соёлын нэгэн чухал нандин өв болтлоо хөгжин дэлгэрсэн юм. Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бèлгэдэл зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор оролцдог.
Шарын шашны урсгалын “Жахар цам” буюу “Хүрээ цам”-ын уламжлал нь 18-р зууны эхэн үед монгол оронд дэлгэрсэн бөгөөд тухайн үед монголын 700 гаруй сүм хийдийн 500 гаруй нь өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлсэн цам бүжгийг дэглэж байжээ. Цамын бүжгийг 60 орчим лам нар маш нарийн дэг жаягийн дагуу хийнэ. Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг даран хөөх билгэдэл, зан үйлийн шинжтэй байдаг.

Цамын өмсгөл

“Болор толь”-д өгүүлрүүн: “Урьд нэгэн цагт Лхалүнбалдорж гэгч бясалгагч Ярбын хадны хонгилд бясалгал хийж байтал нэг шөнө Лхамо бурхан өөрийн биеэр залран ирж, “чи эдүгээ Ландарм хааны тэр биеийг хөнөө! Айх хэрэггүй, цаг үед нь би туслана” гэж айлтгаад үзэгдэхгүй болжээ. Олон жилээр даяанчлан улс оронд юу болсныг, Ландарм хэмээгч хаан шашныг сүйтгэснийг мэдээгүй бясалгагч  ихэд гайхаж хоноод, маргааш нь хүмүүсээс асуусанд “тэр үнэн, тийм болсон” гэж тоочин мэдүүлжээ. Лхалүнбалдорж нэгэн цагаан морийг хар будгаар будаж зүсмий нь өөрчлөөд, цагаан дотортой хар цув малгай өмсөн, нүүрээ хараар будаж, ханцуй дотроо нум сумаа нууцаар Лхас хотноо ирэв гэнэ. Түүнийг ирэх мөчид Ландарм хаан ордны гадна пайлуур чулууны бичиг үзэн зогсож байв. бясалгагч   түүний дэргэд ирж мориноосоо буугаад, хаанд мөргөх дүр эсгэн тонгойхдоо нумаа хөвчлөв. Хоёр дахь удаа мөргөн дээш өндийхдөө нум сумаа дээш татан тавихад хааны гол зүрхийг оносонд хаан үхэтхийн унав. Тэндээс бясалгагч Увай мөрнийг туулж гатлахад, морь цагаан төрхөндөө орж, хувцас малгай сэлтээ урвуулан өмссөн бясалгагч   замд таарсан хэн хүнд “Би огторгуйн элч Тидхэр мөн” гэж явжээ. Түүнийг мөшгөн хөөсөн хааныхан ийнхүү түүнийг ололгүй төөрөлдөн хоосон буцжээ. Төвдөд IX-X зуунд бон шашинтан Ландарм хааны олон жилийн турш баримталсан бурхны шашныг устгах тууштай бодлогын дүнд шашин мөхлийн ирмэгт тулаад байв. Ландарма хааныг 842 онд дияанч бясалгагч  Лхалүнбалдорж гэгч ханцуйдаа нум сумаа нуун бүжиглэсээр хаанд ойртон очиж ийнхүү хөнөөсөн гэдэг домог бий. Ийм гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хожим нь цамын хувцас болж, одоог хүртэл хадгалагдан иржээ.
Гурвалжин хэлхгэр ханцуйтай хувцас хийгээд, бадам хээтэй цээживч-додиг, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч-матьиг, амирлангй дүрт бурхдын дүрсэн чимэгтэй бүс, үрүүжин хэмээх ясан зүүлт, гутал сэлтээс цамын хувцас бүтнэ. Бурханы шашинд буу зэвсэг агсан байх дайсныг буруу номтон, муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд хүнийг түлхэн оруулдаг муу сэтгэлийн илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэж явахыг сургадаг.
Зөвхөн догшид сахиусын баг эрдэнийн таван гавал бүхий титэмтэй байна. Буян заяа, эд хөрөнгө арвижуулагч тэнгэрүүд болох Намсрай, Гонгор сэлтийн баг чандмань чимэгтэй. Харин Эрлэг Номун хааны эм найман элчийг төлөөлөн гардаг Шива (буга), Махэ (үхэр) цам үсэрч дүүлч, эврээрээ газар сэндийлэх мэтээр хамгийн хурдан цоглог хөдөлгөөнтэй. Бугын тэргүүнд чандмань чимэг, үхрийн тэргүүнд ганц гавал чимэг байдаг.
Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм.  Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутаг, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсэг дотноор цамнан бүждэг. Цагаан өвгөн, Хашин хааны багаар хүний сайхан сэтгэлийн илрэлийг гаргадаг. Бурхны шашин дэлгэрэхээс ихэд өмнө үеийн бөө мөргөлөөс улбаатай газар усны лус савдаг, хүмүүн амьтны эзэн тэнгэр гэж үздэг, “Орны урт наст их тэнгэр” хэмээх Цагаан өвгөн нь зөвхөн монгол цамд гардаг дүр. Цагаан өвгөний баг инээмсэглэж буй төрхтэй, урт цагаан сахалтай, цагаан өнгөтэй монгол дээлтэй, бүсэндээ хэт хутга тамхины даалин хавчуулсан, луутай таяг тулсан энэ дүр инээдмийн дүрийг уран хошин гаргаж чадсан хосгүй оргил бүтээлийн нэг билээ.

Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг билээ.