Мэдээ

Суварга бүтээсний ач тус

Суварга гэдэг нь чухаг дээд гурвын авралыг сэтгэлдээ санаж бясалган тахих, өргөл хүндлэлийн шүтээн бөгөөд таалллын шүтээн ч гэдэг. Тааллын шүтээн гэдэг нь Бурханы аугаа эрдэм бүхнийг дүрсэнд буулган хураасан нь суварга юм. Суварга нь Бурханы шашны гол бэлгэдэл. “Цогт Нууцын хураангуй”-д: “Бурханы лагшин бие, зарлиг номлол, таалал үйлс бүгдтэй барилдлагатай бөгөөд хамаг бурхдын хурах ордон, Бурханы их энэрэхүйг бэлгэддэг чухаг дээд шүтээн юм” гэсэн байдаг билээ.

Суваргыг бурхан шүтээн бүхий газар оронд бурхан бодьсадва, хутагт хувилгаадын адистэдийг ирүүлэх, цагаан зүгийн үйлс буяныг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах, аюул осолгүй эрүүл энх байх  тэргүүтэн олон зүйл ач тусын төлөө бүтээдэг. Суварга бүтээх нь хэмжээлшгүй их буян хураах гоц арга бөгөөд түүнийг дээдлэн шүтсэнээр энэ насны элдэв сайн учралууд зөнгөөр бүтэхээс эхлээд дараа дараачийн төрөлдөө бурханы хутгийг эрхшээх бодь замд хөлбөрөлтгүй орно гэсэн байдаг. Мөн суваргыг ном ёсны дагуу бүтээсэн, түүнд залбирснаар урьд насны нүгэл, түйтгэр цэвэрлэгдэхээс эхлээд түүнийг харсан, салхин доогуур нь өнгөрсөн хэн бүхэнд ч хязгааргүй их тустай байдаг. Суварга бүтээн буян хурааж буйн эцсийн үр дүн нь нирвааныг эрхшээх төгс гэгээрэлд дөтлөх, үнэний үйлсэд замнах, өнөөдрийг хүртэл мунхран төөрөгдөж ирсэн төөрөгдлөөс аварч төгс амгалан гэгээрэлд хүргэх ач тустай юм. Суварга бүтээж буйн гол утга нь, бид өөрсдийн бурханлиг чанарыг хөгжүүлж, сэтгэлийн хир гэмүүдээ цэвэрлэж ариутган, зөв эрдмүүдийг суран дадуулж, хоосон чанар хийгээд билэг билгүүнийг онохуйн төлөө хэмээн ойлгох хэрэгтэй. Мөн бүтээсэн суварыг гороолж тойрон мөргөж, тахил өргөсний ач тус маш их. Үүнийг өгүүлбээс, гурван цагийн хамаг бурхан, бодь сэтгэлтэн нарын таалал үйлс бодитой шингэж оршсон суврагыг дээдлэн залбирч явбаас аливаа үйлс сэтгэлчлэн бүтэх сайн үртэй. Мөн суварга бүтээх үйлсэд гар бие оролцсон хүмүүст дээдийн буян болох бөгөөд бусдыг төөрөлдүүлэх, буруу санах, саад тотгор учруулахаас эхлээд гэмт буруу үйлийн үр барагдах ба тийн  барагдахгүй нүгэлд унахуйн шалтгааныг  ухамсарлан зөв дадлаар гэгээрэхүйн үүд хаалгаа нээж гүн хүндэтгэлтэй хандаж буян заяагаа тэгшитгэн дэлгэрүүлэхийн төлөө эдүгээгээс санаа тавих хэрэгтэй.

Суварга шүтээн нь зориулах утга болон хэлбэр байдлаараа олон янз бөгөөд бидний багш Бурхан багшийн амьдрал түүхтэй холбоотой, сайн хувьт дээд сүсэг бишрэлтнүүдийн тахилын шүтээн хэмээх Бурхан багшийн найман суварга хамгийн эрхэм нь болно.

  1. Лянх (Бадам цэцэг) цогцолсон суварга

Бурхан багш бээр, Капилавас сууринаа лагшин мэндлээд зүг бүрт долоо долоо алхахад өлмий гишгэсэн газраас бадам цэцэг дэлгэрсэн бөгөөд орчлонгийн балчгаас цэвэр ариунаар гэгээрэхийг бэлгэдсэн суварга юм.

  • Бодь суварга

Бодь гэдэг нь өөрийн гэм түйтгэрийг арилгаад амгалангийн зам мөрд орох буюу төгс дээд билэг оюун, гэгээрлийн хутаг гэсэн үг юм. Бурхан багш амьтан бүгдийн тус амгаланг бүтээхийг зорьж “Очирт суурин”-аа (Бодьгаяа-д) гэгээрч, бурханы хутгийг олсны адил хамаг амьтад бүгд хүрч чадах эцсийн дээд билэг, бодь хутгийг түргэнээ олохыг бэлгэдсэн суварга болно.

  • Номын хүрдэн суварга

Бурхан багш анхны номын хүрдээ Варанааси хотноо эргүүлсэн бөгөөд түүний айлдсан зарлиг ертөнцийн амьтдад өнөд дэлгэрч байхыг бэлгэдсэн суварга  юм.

  • Рид хувилгааны суварга

Бурхан багш бээр Вайшали хотод Энэтхэгийн их хаад болон тэнгэрийн заллагаар хаврын эхэн шинийн 1-15 хүртэл 15 хоног дараалан рид хувилгаан буюу номын дээд шид үзүүлэн тэрсүүтийн 6-багшийг номхотгон өөрийн ариун зам мөрд дагуулсныг бэлгэдэн илэрхийлсэн суварга  юм.

  • Тэнгэрээс буусан суварга

Бурхан багш 33 тэнгэрийн оронд морилоод Түшитийн орноо 105 хоног санваарын зан үйл “зуны оршил” таалан намрын сүүл сарын 22-нд Салдан-д буун заларсан байна. Тэр мэт амьтны тусад ном айлдан залрахыг бэлгэдсэн суварга  болно.

  • Салсныг эвсүүлэгч суварга

Тухайн үед Ражагир хотноо Дэваадат хэмээх нэгэн бээр хуврагуудын шунал тачаал, атаа хорсол, мунхаг, муу үзэл дөрвөөр үл зохилдуулан салгасныг Бурхан багш эвсүүлэн, номлол сургаалиа айлдсан бөгөөд амьтад үргэлж эв эетэй, зохимжтой байхыг бэлгэдсэн суварга  юм.

  • Машид ялгуусан суварга

Вайшали балгаднаа Бурхан багш бээр амьтдын бие насан баттай байхыг адислан эом айлдсанаар тэдгээр амьтдын бие, насан батжин дэлгэрсэн бөгөөд тэр мэтээр хамаг амьтдын бие, насан батжин дэлгэрээд, үхлийн эзнийг ялахын бэлгэдэл болсон суварга  болдог.

  • Гаслангаас нөгчсөн суварга

Бурхан багш Күшинагар хотноо 80 нас сүүдэртэйдээ нирваан дүр буюу орчлонд хэн бээр бусдаас хагацах нэг өдөр байдгийг сануулан мөнх бусын ёсыг үзүүлсэн байдаг бөгөөд тэр адил энэ чөлөө учрал бүрдсэн хүний насыг утга төгөлдөр, явдал үйлээ ариун шударгаар авч явахыг билгэдэн уг ёсыг сануулсан суварга  болдог юм.

Суваргыг  ном ёсоор нь бүтээх аваас үр өгөөж арвин ба бүтээхдээ хийх эд хэмжээ, өнгө будаг, чимэглэх ёс, хэлбэр хэмжээ, дотоод оршоолго буюу сүншиг”, амилуулан равнайлах зан үйлийг цогцоор нь бүрэн дүүрэн агуулж байж сэтгэлийг амирлуулах дээд шүтээн болох билэг дэмбэрэл бүрдэнэ. Суварга бүтээх олон аргаас аль боломжтойг сонгон авч, бүтээх газраа зөв сонгож билэг дэмбэрэл төгс өдөр эхэлбэл зохино. Буруу хэмжээстэй, ёс бусаар үйлдвээс тэр газар нутаг хүмүүн амьтдад зовлон учрах үүдийг нээж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Мөн салхинд, галд, огторгуйд, усанд, элс шороогоор суварга бүтээх буюу сац бүтээх арга эрдэм увьдас олон байдаг. Бас бясалгалаар уул ус газар дэлхийг бүхлээр нь суварга болгож бүтээх арга ёс байдаг. Энэ олон аргыг эзэмшвэл өдөр орой цаг тутамд суварга бүтээж буян хурааж болно.

Суварганы тус эрдмийн талаар “Үйлийг тийн ялгасан” хэмээх сударт:

            Бурханы суваргыг бүтээсний тус эрдэм 18 бөгөөд үүнээс тоочвол, аугаа ихийн гэрт төрөх, дүрс сайхан үзэсгэлэнтэй, нүдэнд дулаахан тэргүүтэн хийгээд эрх ихтэй, нөхөр туслах олон, ялгалгүй бусдын шүтээн болох, өндөр язгуурт одох, алдар ихтэй, тэнгэр хүмүүн бээр хүндлэх, эд  таваар олон, хаан төрийг олох, урт наслах, бие очир мэт болох, билэг чанар бүрдэх, өндөр язгуурт төрөх, түргэн хутгийг олох зэрэг болой.

Сувàрга эргэсний үгсийн тасалбарын сударт:

            “Суварга эргэж үйлдэх бээр тэнгэр, лус, ягчис, үнэр идэштэн, гарьд, хүмүүн их бээр тахигдах, чөлөө учралыг олоход бэрхтэйг олох, агшин төдийд ч суврагыг эргэж үйлдэх бээр чөлөөгүй наймуудыг тэвчих ба санах хийгээд ухаан төгөлдөр, өнгө төгөлдөр, цэцэн бүгд дор тахигдах болох, тэнгэр хийгээд түүнчлэн хүмүүсийн нас урт болно. Алдар нэр ихийг олох болно.” хэмээснээс суваргыг эргэж үйлдвээс ертөнцөд бурханы чимгүүдээр чимэгдэх хийгээд алтан өнгөт лагшинг олох, мөн мэргэдүүд бээр бурханы суварга дор баясах бөгөөс замбутивийн алт буман лангийн тоог олно.

“Салжал бээр айлдсан” хэмээх сударт:

            Ямар мэт суварга нугууд дор хүмүүн бээр тахиж үйлдэх бээр орчлон бусдад тийн боловсрол юу хүссэнийг олно. Бурханы сувàрга нугууд хийгээд дүрс хөрөг нугууд дор тоосны тоо юу байна, тэр тоо ямагт үйлдсэн хүмүүн нугууд тэнгэрийн орон газрын дээр магадтай төрнө хэмээх тэргүүтэн айлдсан.

Аръяабалын сударт:

            Бурханы хөргийг машид үзэсгэлэнтэй үйлдвээс тэр нь дээд болох, төрөлхтөн олон тахиваас зохистой, ухаан төгөлдөр, баян бөгөөд их ямагт төгөлдөр, эрх төгөлдөр, загабардын хаан болох хэмээн айлдсан. 

“Дамчой бадгар” сударт:

            Зарим нь долоон их эрдэнээр хийгээд зарим нь тэрчлэн зэс хийгээд хүрлээр бурхан нугуудын дүрсийг үйлдвээс бүгд бодийн хутгийг олно хэмээжээ. Бурхадын дүрсийг үйлдэх бөгөөс үзвээс үзэсгэлэнтэй, бодийн хутгийг олох болно хэмээх хийгээд алин бээр хана туурганд дүрс зураг хийгээд буян дэлгэрэх билэг чанар төгс, лагшин алин бээр зурсан буюу сийлсэн буюу тэдгээр бүгд бодийн дээдийг олох болно.