Мэдээ

ХҮРД ЭРГҮҮЛЭХ ЁСОН

Хүрдний гарал үүслийг хоёр янзын хувилбараар тайлбарласан байдаг. Хүрдний увьдас дамжлагыг анх Бурхан багш Дигадинаад соёрхсон байна. Увидсыг залгамжлан авах сав төгс шавийг орон бүхэнд эрэн хайвч олдоогүй тул тэр дамжлага увидасаа лусын оронд очиж лусуудад хайрлажээ. Лусууд хүрдийг эрхэмлэн шүтэж шүтээний дээд болгон тахиж эргүүлсээр байв. Түүнээс олон жилийн дараа Нагаржунай богдод Хоншим бодьсадва соёрхсоны дагуу лусын оронд зорчин хүрдний увидсыг залж ирээд өөрийн өргөө байшингийн оройд салхин хүрд, гэрт гадаа гараар эргүүлдэг хүрдийг олныг байгуулжээ.

Бас зарим сударт хүрдний увьдас дамжлагыг Жалбарэгжаявсон бээр дагинас Сэндэнмаад хайрлажээ. Сэндэнмаа бээр хүрдийг өгөх сав төгс  шавийг олон орноор эрж хайсаар Нагаржуна богдыг сав төгс шавь болохыг таалаад хайрласан гэж бичсэн байдаг. Ингэж Нагаржунай богд хүрдний дамжлагыг аваад бүтээлд нэгэн үзүүрт сэтгэлээр орших үедээ бүтээл хийдэг өргөөнийхөө оройд салхин хүрдийг олныг  байгуулсан учраас Хонсим бодьсадватай нүүр золгож номын увидсыг хоцроолгүй сонссон учраас эрдэм нь санаанд багташгүй төрсөн гэж бичсэн байдаг.

Хүрдийг нар зөв эргүүлдэг нь доторх тарнийн үсгийн хуйлсан байдлаас шалтгаалан нар зөв эргүүлэх учиртàй. Гэвч Дэмчиг болон Нархажид бурханы тарнийн үсгээр бүтээсэн хүрдийг нар буруу эргүүлдэг ёстой ажээ. Дорноговь аймгийн нутагт орших Хамрын хийдэд Дэмчиг болон Хажид бурханы тарнийн хүрд байдаг, түүнийг сүсэгтэн олон нар буруу эргүүлдэг журамтай.

Хүрдийг гал, ус, салхин, шороон хүрд хэмээж ангилдаг. Гал хүрд нь ихэвчлэн дэн ба зулын дөлөөр эргэдэг хүрдүүд, усан хүрд нь байгалийн усны урсгал эргэлтийг ашигласан байдаг. Салхин хүрд салхины аясаар эргэх учиртай. Шороон хүрд гэдэг нь бидний мэдэх гараар эргүүлэх хүрднүүд билээ.

Хүрд эргүүлэх үесийн бодол бясалгал

Хүрд эргүүлснээр амьтан бүгдийн нисванисын үйл хийгээд зовлон бүгд нь амирлах болтугай. Мөн зургаан зүйл амьтны муу авъяас бүгд дарагдан ариусах болтугай” гэж бодох ба увидсын хүчээр өөр бусад амьтан бүгдийг орчлонд дахин дахин төрөл авахын уг болсон шалтгаан үр хийгээд нисванист үйлийн түйтгэр, зовлон бүхнийг хоцроолгүй арилган гэтлэх болно. Орчлонгийн угийг тайлсан нь хүрд юм хэмээн үнэн сүсгээр анхааран авагтун.  Сэтгэлийн нэгэн үзүүрт буцалтгүй сүсгээр хамаг амьтны тусын тулд гэсэн санаагаар эргүүлэх хэрэгтэй. Хүрдийг эргүүлж байхдаа мөн дараах бодлыг агуулж байх учиртай. “Энэхүү хүрдний дотор буй судар тарниудаас гэрэл цацраад, арван (дээд, доод хоёр зүгийг оруулаад) зүгт оршин буй бурханы орон бүхэнд тахил болон очоод тэдгээр бурхдын адис хүчийг хураан авч эргэж хүрдэнд шингэснээр хамаг бурхдын эрдэм хүч, адис жанлав энэ хүрдэнд оршив. Ингэснээр  уг хүрдийг эргүүлэгч болон үзсэн, хүрсэн бүгд буян номыг машид хурааж байна” хэмээн бодож эргүүлнэ. Зоригдол төгөлдрөөр, бат сэтгэлээр хүрдийг нэгэн удаа эргүүлсний тус эрдэм нь тарниас гэрэл цацарснаар амьтад бүгдийн сэтгэлд буяны сэтгэл төрөөд, өглөг тэргүүтэн зургаан барамид төгсгөөд, машид баясахуйгаас эхлээд арван номыг хүртэлх таван мөр, бодьсадвын арван газар огоот төгсгөж үрийн гурван лагшин, таван билэг билгүүн зөнгөөр бүтэж бурханы хутгийг олох болно. Огторгуйд хүрд уул мэт жигдэрч, гэгээнээр нь  нигүүлсэхүйн гэрэл гийж, газарт адис хур мэт бууж, шавийн сэтгэлд үр жимс илт боловсрох болно.

Хүрдийг бүтээх ёс

Хүрдний номыг алт, мөнгө, шунх, бэх зэргийн аль олдсоноор үйлдэж болох бөгөөд номын үсгийг алдаа мадаггүй эндүүрэлгүй илүү, дутуугүй бичих хэрэгтэй. Номуудыг бичсэнээр бурхад, сахиуснуудын бүтээл болохоос гадна дөрвөн үйлийн (амирлуулах, дэлгэрүүлэх, хураах, хатуу үйл) бүтээл болдог байна. Мөн төмөр, мод тэргүүтэнд үсгийг сийлж бичиж болдог. Бангандондүв бээр  хүрдний амин мод /сорогшин/ -ны тухай бичихдээ “…Амин модыг улаан, цагаан зандангаар хийвэл хамгийн сайн, сэндэнгээр хийвээс дунд зэрэг, арцны мод буюу хус модоор хийвээс адаг нь болно. Тэдгээрийн аль зохилтойгоор цэх шулуун яргүй модыг сонгон авч зөөлөн үрж холтсыг нь авч хатаасны дараа харуулдаж өөг нь аваад үрж зүлгээд, ёзоор үзүүрийг нь эндүүрэлгүй тэмдэг тавьж оройн үзүүрийн зүгийг үсэгний тэргүүнд хандуулаад УМ АА ХУМ-ыг бичихдээ гурван оронд хуваана. УМ үсгийн доороос УМ САРВА БИДЯА СУУХАА-ааг аль багтахаар бич гэжээ. УМ-ын доороос НАМА САМАНДА БҮДЯНАН УМ БАЗАР АЮҮХЭ СУУХАА-ааг аль багтахаар бич. A үсгийн доороос уламжлаад УМ ДАРМА ДАДУ ГАРБЭ СУХА, УМ САРВА ДАТА ГАДА МАНИ ШАДХИБДИ ЗУЛА ЗУЛА ДАДУ ГАРБЭ СУУХАА тарнийг аль багтахаар бич. ХУМ-ын доороос УМ ЭДАРМА хэмээх шүтэн барилдлагын тарни хийгээд УМ СҮБРА ДИСТА БАЗАР ЕЙ СУУХАА хэмээхийг аль багтахаар бич хэмээн айлдсан байдаг. Маанийн хүрдийг бүтээхдээ маанийн зургаан үсэгний хойно ХРИ үсгийн нэмж бичиж болохгүй. Судар номонд маанийг зургаан үсэгтэй хэмээн айлдсан байдаг. Энэ нь маш их утга (зургаан төрөл, язгуурын зургаан бурхан, зургаан бүтээл гэх мэт) учиртай юм.

Хүрдний торхыг бэлтгэхдээ дээд доод тал буюу ёроолыг нь зандан модоор үйлдэх нь тохиромжтойгоос гадна гэрийг нь алт, мөнгө, агар, зандан, зэс, гууль, хус, хуш тэргүүтнээр үйлдэж болно гэсэн байна. Номыг дотор нь хийхдээ дээд тал доод талыг нь солилгүй номоо тааруулан залгаж номын эхэн хэсгийг нь дотогш нь эргүүлж хуйлаад ус орхооргүй, номонд нөлөөлөхгүй вандуй тэргүүтэй сайн цавуугаар нааж өгнө. Түүнийхээ гадуур торго, дурдан, хадаг, тэргүүтэн бүс даавуу торгоор баринтаглаад мөн хүрдийг юунд зориулж бүтээж байгаа тухай өлзий хутгийн үгс болон өглөгийн эздийн хүсэл соёрхол тэргүүтнийг бичдэг байна.

Хүрдний бэлгэдэл

  • Хүрдний доод суурийг модоор үйлддэг нь бодь сэтгэлийн хөрөнгөний бэлгэдэлтэй ба мөн бодийн сэтгэл аяндаа арвижин үүсэхүй бэлгэдэлтэй.
  • Түүнд амин модыг бат бөх төмрөөр үйлддэг нь амь нас баттай байхын бэлгэдэлтэй байх ба номын лагшинд хамаг сайн эцэг эхийн бэлгэдэлтэй.
  • Түүнд баринтаг өргөдөг нь буяныг төгс эдлэл цог заль дэлгэрч сэтгэлийн гэмийг ариусгаж хувь төгөлдөр оронд хаана оршивч өөрйн тусыг бүтээж тэтгэхийн бэлгэдэлтэй.
  • Үзүүрт нь охь нэгнийг байгуулах нь номын лагшинт Аминдэваа бурханыг бэлгэдсэн учраас номыг лагшингийн хутгийг олохын тэмдэг.
  • Оройд нь их охь байгуулдаг нь бурханы газрыг хоцроолгүйгээр огоот төгсгөөд тэвчил онолын хоосон чанарын эцэст хүрэхийн тэмдэг.
  • Номын эхийг дотогш нь эргүүлж хуйлдаг нь хоёр чуулганыг, буяны билгийн судрыг залдаг нь шавь нар тэдгээр номын зарлигийг дагаж шамдахуйн бэлгэдэлтэй бөгөөд хүрдийг эргүүлснээр гүн дэлгэр номын дуу дуурсахын утга.

Хүрд эргүүлсний тус эрдэм

Номт хүрдний  увьдас нь бусдаас ялгамж үлэмж их ба хүрдний тус эрдмийг мэдэхгүйгээр бусдад аврал одуулах нь: Үлгэрлэвээс: сохор хүнээр манаа мануулсан лугаа адил гэжээ. Хүрдний тус эрдэм увьдас ихтэй болохыг “Додэ бадгар” сударт,халдварт өвчин, ган зуд, мөндөр бороо тэргүүтэн аюул гамшгийг арилгана гэдэг. Хүрдэнд хүрсэн, хүрдний салхин доогуур гарсан төдийнхөөр ч хилэнц нүгэл арилж, бурхан болох хүч сэтгэлд үүснэ гэж айлджээ. Мөн Гүнтэн ринбүчи бээр:

  • Хүрдийг эргүүлснээр дээд сахиуснууд сахиж, зургаан үүдийг хааж, засрын 3-төрлөөс гэтлэх гэх мэт ач тус ихтэй хэмээн айлдсан байдаг байна. Гэр байшинд эргүүлвээс орон байшин тэр нь мөн тэнгэрийн орд харш мэт болох бөгөөд хэрцгий дайсан нугуудад үл дийлдэх нь магадтай.
  • Хүрдийг шүхэр мэт эргүүлэхэд дүрс царай сайхан, таван дүрс тэргүүтэн ариун гуа болно.
  • Хүрдийг үхэхийн цагт толгойн орой доор тавибаас хойтох уншуулах хэрэггүй. Хүрдийг усанд эргүүлснээр усанд оршсон амьтан хийгээд түүнийг уусан амьтан нугууд буяныг төгсгөж түйтгэр арилна. Усаар эргүүлвээс ус түүнийг уусан хүрэлцсэн түүнд оршсон амьдрагч амьтан бүгд Сугабадийн оронд төрнө.
  • Хүрдийг гартаа барьсан нь эцэг эхээс авхуулан бүх амьтныг муу заяанаас гэтэлгэнэ.
  • Хүрдийг үзсэн сонссон  дурдсан хүрэлцсэн тэргүүтэн нь муу заяанаас гэтлээд Сугабадийн оронд төрөх болно.
  • Хүрд эргүүлсэн хүнийг элдэв зүйлийн муугаас хамгаалах сахиус хамгаалалт болох, зургаан заяаны орны үүдийг хаах, зуурдын аюулыг арилгах зэрэг ач тус маш их гэжээ.

Хүрдийг хазгай мурий эргүүлвээс галзуу болно. Хөндлөн эргүүлвээс бөгтөр төрнө. Толгой сүүлийг нь хольж сольвоос тахир доголон болно гэжээ.