Мэдээ

ЦAГААН САР, ШИНЭЛЭХ ЁСОН

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар богдоор тодрох үед төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болжээ. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий.

Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл садангаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр, ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Тахилга

Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам хурах буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа “Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй” хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.

Битүүний зоог

                Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг, богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билгэддэг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөн бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэнý эвлүүлэх зэргээр тоглодог.

Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.

Мах буюу ууц тавих ёс

Ууц гэж зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа  эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочны  өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана.

Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам

Үүнд: Толгой, ууц, өвчүү, хаа, гуя, хүзүүний сээр.

Бусад махыг нь зөв огтлоход гагцхүү эх талыг нь мэдэх нь чухал. Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүлэх ёсон

Сар гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрлэдэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь “улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай” хэмээсэн бэлгэдэл билээ. Өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр харгана тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой.

Шинэлэх ёсон

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Золгох ёсон

Золгох ёс нь аав ээж, багш, ахмад буурлуудаа хүндэтгэж, энх амар мэндийг нь эрэн мэндчилэх ёс билээ. Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүй. Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсөж байгаагүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх, бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

Хадагтай золгох ёсон

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сараар цээрлэх зүйл

-Yйл хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.

-Усанд явбал нагац нарт нь цөв болно хэмээн,

-Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ хэмээн,

-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,

-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй болно хэмээн,

-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.

-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.

-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.

-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэдэг.

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Монголчууд хөөргөөр тамхилангаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг байна. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болно. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.