“Сайн Номуун хийд”-ийн танилцуулга

1980-аад оны сүүл үеэс Монгол оронд Бурханы шашин дахин сэргэж эхэлсэн тэр үед хот хөдөөгүй нилээдгүй сүм дуган, хурал номын хийдүүд шинээр болон дахин сэргээгдэж хурал номын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж эхэлсний нэг нь Налайх дахь “Сайн Номуун хийд” байсан юм.

Манай “Сайн Номуун хийд” нь 1990 онд анх Налайх дүүрэгт бурханы шашны сүсэгтний төвөөр үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө дүүргийн төдийгүй нийслэл хот, ойр орчмын хөдөө орон нутаг бүс нутгийн ард иргэдийн зорин ирж эргэл мөргөл хийдэг, засал ном уншуулдаг, шашны хичээлд хамрагддаг, бие сэтгэлийн ариуслыг олдог томоохон цогцолбор төв болон ажиллаж байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн намтар түүхтэй олон жилийн хугацаанд  хийд маань олон сайхан зүйлүүдээр шинэчлэгдэн өөрчлөгдөж, өнөөгийн монголын Бурханы шашны сүм хийдүүдийн хувьд үлгэр дуурайлал үзүүлэхүйц, орчин үеийн загвар хийд болсон ба үйл ажиллагаагаа ч өргөжүүлэн ажиллаж, сүсэгтэн олныхоо сүжиг талархлаар бялхан сүндэрлэж байна.

Манай хийд нь шашны хурал номын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ лам нарын боловсролын асуудалд анхаарлаа хандуулан бүрэн дүүрэн шийдэж, дэргэдээ шашны дунд сургууль ажиллуулан лам шавь нартаа шашны болон ерөнхий эрдмийн хосолсон сургалт мэдлэг олгож нийгэмд эерэг төлөвшсөн иргэдийг бэлтгэхээс гадна шашны уран барилга, урлаг соёлыг гадаад дотоодын олон нийт, аялагч жуулчдад зориулж үзвэр, шашин соёлын үйл ажиллагааг танилцуулж ажилладаг. Учир нь “Сайн Номуун” хийд нь аялал жуулчлалын гол бүс нутаг болох Налайх дүүрэгт оршиж байгаагаараа бусад сүм илүү онцлог давуу талтай бөгөөд энэ чиглэлээрээ гадаад дотоодын аялагч жуулчдыг татаж шашны болон уламжлалт соёл урлагийг олон нийтэд тайлбарлан таниулж сурталчилахад бүрэн дүүрэн боломж бололцоотой юм.

 “Сайн Номуун” хийд нь үйл ажиллагааны үндсэн дөрвөн хэсэгтэйгээр зохион байгуулалттай ажиллаж байгаа бөгөөд үүнд шашны зан үйл хурал номын үйл ажиллагаа, хийдийн дэргэд бурханы шашны сургалттай бүрэн дунд сургууль, шашны болон сэтгэлзүйн сургалтын үйл ажиллагааны “Буян номын хүрдэн” нийгэмлэг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах “ахмадын сүсэгтний холбоо”, аялагч жуулчдад зориулсан хөтөлбөр гэх мэт шашны болон буяны олон байгууллагын үйл ажиллагаа болон шашны хурал зан үйлийг өдөр тутам явуулж байгаагаас гадна хийдийн зүгээс олон нийтэд хандсан буяны олон үйл ажиллагааг жил бүр тасралтгүй явуулдаг бөгөөд гадаад дотоодын олон сүм хийдүүдтэй харилцаатай ажилладаг. 2011 онд “Сайн Номуун хийд”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, сүсэгтэн олон түмэн ард иргэдийн сайн сайхны тусын тулд Бурханы шашны шинэ цогцолбор төвийг бүтээн байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд манай хийд нь Монголын уламжлалт бурханы шашныг орчин үетэй хослуулан шашны цогцолбор төв болгохоор зорин ажилласан бөгөөд богино хугацаанд барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж, дан ганц хурал номын үйл ажиллагаа явуулахаас гадна шашин болон олон нийтийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн үйл ажиллагааг гүйцэтгэн явуулж байна.

Цаашид Налайх дүүрэгт бурхан шашныг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, ард иргэд ба хүүхэд залуучуудад үндэсний уламжлалт шашин, ёс зан заншлыг тайлбарлан  таниулсан олон арван төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэн оюуны хөрөнгө оруулалтуудыг хийн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч сүсэгтэн олонд зориулсан буян номын үйл ажиллагааг өргөжүүлэн олон түмэнд илүү хүртээмжтэй идэвхжүүлэн ажиллах зорилттой байна.

Архитектор, Уран барилга, Бурхад

Өнгөрсөн хугацаанд тус хийдийг Монголын уламжлалт Бурханы шашныг орчин үетэй хослуулан шашны цогцолбор төв болгохоор зорин ажилласан бөгөөд энэ хугацаанд хийдийн өнгө төрх тохижилт бүтээц зэргээрээ гадаадын төдийгүй  дотоодын эргэл мөргөлчид, сүсэгтэн олны зорин ирэхийг хүсдэг, сэтгэлийг булаасан газар болж сүндэрлэжээ. “Сайн Номуун хийд”-ийн барилгын уран барилга, баримал, дотоод гадаад засал, бурхадын хөрөг дүр, хана таазны зураглал чимэглэл, шашны эдлэл хэрэглэгдэхүүн зэрэг нь монгол уран дархчуулын ур ухаан шингэсэн байдгаас гадна бурханы шашны томоохон төв болох Төвдийн Лхас Гүнбүм хот, Непалаас залж ирсэн бурхадын алтадмал дүрүүд, ховор нандин эдлэлүүд байдаг. Мөн манай хийд нь гадна дотор тохижилт үзэмж, бүтээн байгуулалтын ажлаараа 2014 оны улсын тэргүүний цэвэр, тохижилттой байгууллагаар тодорч байлаа.

Гадаад харилцаа

“Сайн Номуун хийд” нь гадаад харилцаагаа байнга өргөжүүлэн хөгжүүлж, гадаад дотоодын сүм хийдүүд болон олон улсын шашны болон хүмүүнлэгийн байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

Үүнд:

  • Энэтхэг улсын “Гоман” дацан
  • БНСУ-ын “Ёнчүгсан”сүм
  • Төвдийн өөртөө засах орны “Бумсар”, “Орү”, “Ригүн”, “Данхар”, “Гүнбүм” хийдүүд
  • Тайландын вант улсын “Чакра” төв
  • Япон улсын “Нага” шашны байгууллага
  • Вьетнамын “Хован Ванг” сүм
  • АНУ-ын “IBMC” Олон Улсын Бясалгалын төв
  • Лаосын “Дрүган” сүм
  • ОХУ-ын Буриад, Халимаг, Тува зэрэг гадаадын олон шашны болон хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирлээ.

Аялал жуулчлалын салбарт

“Сайн Номуун хийд”нь аялал жуулчлалын гол бүс нутаг болох Налайх дүүрэгт оршиж байгаагаараа бусад сүм хийдүүдээс илүү давуу талтай бөгөөд энэ чиглэлээрээ гадаад дотоодын аялагч жуулчдыг татаж шашны болон уламжлалт соёл урлагийн болон ёст зан үйлийг олон нийтэд тайлбарлан сурталчлахад хувь нэмэр оруулан, улсын болон хувийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа эрхэлж, тус хийдэд үндэсний соёл урлагийн тоглолт ба шашны зан үйл цамын бүжгийн үзүүлбэрүүдийг олон нийт, гадаад дотоодын жуулчдад үзүүлж сонирхуулж байна.

Хөрөнгө оруулалт

“Оюуны Ундраа” групп нь 2000 оноос өнөөг хүртэл Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн үйл ажиллагааг өргөжүүлж, сүсэгтэн олон түмэн, ард иргэдийн сайн сайхны тусын тулд 2006 онд Бурханы шашны цогц суваргуудыг, 2010 онд Бурханы шашны шинэ цогцолбор төвийг бүтээн байгуулах ажилд нийт 4,5 тэрбум төгрөгийн санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлж одоогийн цогцолборыг бүтээн босгосон. Энэхүү цогцолборын бүтээн байгуулалт нь бизнесийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Оюуны Ундраа” группээс ард иргэд, сүсэгтэн олон, хүүхэд залуучуудад уламжлалт зан заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмэр бөгөөд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлсэн үлгэр дуурайлал болсон билээ.

 Одоогоор тус хийдийн дэргэд шинээр хөрөнгө оруулалтаар шашны сургуулийн шинэ барилга, хийдийн үйл ажиллагааны нэмэлт өргөтгөлийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Шашны зан үйл, хурал уншлага ном

Шашны зан үйл, хурал номын үйл ажиллагаа нь үндсэн хоёр хэсэгтэй. Үүнд: хийдийн нийт лам нарын өдөр тутмын болон дүйчин буюу Их цаг хэмээх тэмдэглэлт өдрүүдийн хурал номын хуваарьт уншлага. Мөн сүсэгтэн олон түмэн, өглөгийн эздийн эгээрлийг гүйцэтгэхэд зориулсан тусгайлсан гүрэм засал, дормын уншлагууд зэрэг орно. Монголын бурханы шашны сүм хийдүүдэд тэр бүр хураад байдаггүй шашны томоохон гүрэм дормын засал уншлагуудыг тусгайлсан захиалгаар Энэтхэгийн “Гоман” дацангаас залагдаж ирсэн гэвш лам нар Монгол лам шавь нарын хамтаар хийж гүйцэтгэдэг болно.

Тус хийд нь өдөр бүр Бурхан багшийн зарлиг, таалал, ерөөл, магтаал бүхэн багтсан “Цогчэн” буюу Их чуулганы номыг хурдаг. Мөн сар бүрийн билгийн тооллын шинийн найманд түмэн олныг өвчин зовлонгоос ангижруулж, эрүүл саруул энх амгалан байлгах Манал болон Дара эхийн мандал шива, аваар осол, гэнэтийн гай барцадгүй амгалан байж, гэгээрлийн хутгийг түргэнээ олохын залбирлын үүднээс шинийн 15-нд Сандуйн жүд буюу Нууцын хураангуйн үндэс болон Ганжуур, олон амьтны тусын тулд ерөөл тавих, даатгал залбирлын үүднээс 22-нд Молом Чинбу буюу Их ерөөл, билгийн тооллын 29-нд орон хийдийн сахиусны даатгал хурал, Арван хангал бурхадын тахилга зэрэг томоохон хурал номуудыг хурахаас гадна өдөр бүр зорин ирсэн өглөгийн эздийн тусгайлсан гүрэм заслын номнуудыг нийтээр хурж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!