Мэндчилгээ

Эрхэм хүндэт сүсэгтэн олон та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг дэвшүүлье. Бурханы шашны “Сайн Номуун” Хийд 1990 оны эхээр Налайх дүүрэгт анхлан байгуулагдаж хурал ном, шашин соёлын үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацааг үджээ. Бурханы шашин бол Монгол оронд түүхэндээ 3 удаа дэлгэрч байсан Монголын уламжлалт шашин бөгөөд одоогоос 2280 гаруй жилийн тэртээ Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү гүрний үед Модун Шанью хааны зарлигаар Энэтхэгээс шууд дэлгэрч байсан түүхтэй бөгөөд энэхүү дэлгэрэлтийг Монголын түүхэнд буддизмын түрүү үе буюу анхны дэлгэрэлтийн үе гэж авч үздэг. Энэ дэлгэрэлтийн онцлог нь Бурханы шашныг Энэтхэгээс шууд хүлээн авч дэлгэрүүлж байсанд оршдог юм.

Тэгвэл бурханы шашны 2-р дэлгэрэлтийн үе нь 13-15-р зууны үеийг хамардаг бөгөөд тухайлбал Эзэн богд Чингис хааны үеэс Тогоонтөмөр хааны үеийг хүртэл хамран дэлгэрч байсан цаг хугацаа юм. Энэ үед Монголчууд бурханы шашныг Төвдөөр дамжуулан Төвдийн улааны шашны урсгалыг дэлгэрүүлж байсан түүхтэй. Бурханы шашны 3-р дэлгэрэлт нь 17-20-р зууны дунд үеийг хүртэл үргэлжилсэн бөгөөд Түмэдийн Алтан хаан, Халхын Абтай Сайн хаан нарын үед Богд Зонхавагийн үндэслэн бий болгосон шарын шашин зонхилон дэлгэрсэн бөгөөд улмаар 1640 онд Түшээт хан аймгийн Гомбодоржын хүү Ишдорж буюу Занабазарыг Халхын анхдугаар богд гэгээнээр өргөмжлөн Монгол оронд шарын шашны үйл хэрэг даруй 300 шахам жил үргэлжлэхдээ 1937 оныг хүртэлх хугацаанд нийт 750 гаруй сүм хийд 100 гаруй мянган лам хуврагуудтай Монгол түмний түүх соёл, ёс, зан заншлыг хадгалж ирсэн уламжлалт шашин болон дэлгэрч ирсэн юм.

Улмаар 1990 оны ардчилсан хувьсгалын үр шимээр монгол оронд бурханы шашин дахин дэлгэрэх боломж нөхцөл бүрдэж улмаар коммунизмын үзэл суртлын нөлөөнд хаалттай байсан шүтэх бишрэх эрх чөлөө нээлттэй болж орон нутаг, хот хөдөө, суурин газруудад олон арван сүм хийдүүд нээгдэн шинэ цагийн хурал номын үйл ажиллагаагаа явуулж эхэлсний нэг нь эдүгээгийн бурханы шашны “Сайн Номуун” хийд юм. 1990 оны эхээр хуучны сүм хийдүүдэд шавилан сууж байсан тухайн үеийн өвгөн лам нар болох Дансран, Даниа, Гомбосүрэн, Дашдондог, Наваанлувсан, Лувсандамба зэрэг эрдэм мэдлэгийн туйлд хүрсэн буурлуудыг хамтаар миний бие одоогийн “Сайн Номуун” хийдийн үйл ажиллагааны үндэс суурийг тавьсан бөгөөд эдгээр настан буурлууд маань хуучин цагт Хэрлэнгийн хөгшин хүрээ Жанчүвлингийн хүрээнд шавилан сууж байсан хуучцуул байсан юм.

Жанчүвлингийн хүрээ нь одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Нагал хан уулын энгэрт Түшээт ханы Засаг ноён Лүмбүдоржийн дэмжлэг санаачлагаар 1807 онд байгуулагдаж, мянга гаруй лам хуврагтай, Цанид, Жүд, Майдар, Манба гэсэн дөрвөн том дацантай хурал ном шашны үйл ажиллагаа явуулж байсан номын их хүрээ байсны ор үндсийг залгамжлан гарсан орон хийд юм шүү гэдгийг захиж хэлдэг байсан учраас одоогийн “Сайн Номуун” хийд маань “Чүлтэмжанчүвлин” хийдийн ор үндсийг залгамжилсан хурал номын хүрээ гэж ойлгож болно. Тэртээх хэлмэгдлийн хар шуурганд өртсөн Монголын сүм хийд шашин соёлын биет болон биет бус өв уламжлалыг шинэ цагт сэргээн нөхөхийн тулд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд “Сайн Номуун” хийд нь хурал номын үйл ажиллагаа явуулахаас гадна шашин соёлын олон арван томоохон үйл ажиллагаануудыг сүсэгтэн олны дунд хэвшмэл болгон зохион байгуулж ирснээс гадна өөрийн хийдийн харьяанд “Чандмань Эрдэнэ” шашны дунд сургуулийг үүсгэн байгуулж бурханы ном сургаалд суралцхыг хүссэн бага насны хүүхэд багачуудыг элсүүлэн суралцуулж 12 жилийн хугацаанд шашны болон ерөнхий эрдмийн боловсролыг эзэмшүүлэн төгсгөж байна.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд тус сургуулийг нийт 1200 гаруй шавь нар суралцан төгссөн бөгөөд сургуулийн гол зорилго нь нийгэмд бага насны хүүхдүүдийг зөв сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлхэд чиглэгдэж байгаа юм. Одоогоор тус хийд нь шашны чиглэлээр суралцаж мэргэшсэн хурал номын 30 гаруй лам нартай, шашны дунд сургуульд суралцаж буй 1-12-р ангийн 70 гаруй шавь сурагчид, шашны болон ерөнхий эрдмийн мэдлэг олгох 20 шаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй нийслэлийн ерөнхий боловсролын “Чандмань Эрдэнэ” сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус хийдийн хамт олоны гол зорилго тэмүүлэл бол шашин хурал номын болон ёс, зан заншил, соёлын үйл ажиллагааг сүсэгтэн олоны сэтгэлд нийцүүлэн явуулахад чиглэгдэж байгаа бөгөөд үндэсний гэсэн онцлогтой ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй нийгмийг бий болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа болно. Иймд сүсэгтэн олон та бүхэн “Сайн Номуун” хийдийн энэхүү цахим хуудсанд байнгын зочилж бидний гүйцэтгэж буй хурал ном,шашин соёлын үйл ажиллагаанд бодит үнэлэт дүгнэлт өгч,хэрэгцээтэй мэдээ, мэдээллээ харилцан солилцож хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Манай цахим хуудсанд зочилж бидний үйл ажиллагаатай танилцсан эрхэм сүсэгтэн, олон нийт та бүхэнд гүнээ талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн:

“Сайн Номуун” хийдийг үүсгэн байгуулагч,

Доктор /Ph.D/ Сайнбуянгийн Нэргүй.

Хамба ламын товч намтар, бүтээлүүдээс

1990-1992 онд Гандантэгчэнлин хийдийн шашны сургууль,
1994-1998 онд Энэтхэгийн Дарамсала хотын буддын гүн ухааны институт,
1998-2001 онд АНУ-ын Лос-Анжелес хотын Буддист коллеж,
2001-2005 онд АНУ-ын Дорно дахин судлалын институтэд “Буддизм ба Орчин үе” сэдвээр Доктор (Ph.D),
2006 онд Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэнд “Буддизм өнөөгийн Монголд” сэдвээр судлаач профессор тус тус хамгаалсан.
Азийн Бурханы шашинт улс орнууд болох Япон, Тайланд, Шри-Ланк, Вьетнам, Лаос, Камбожи, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсуудад судалгаа шинжилгээний ажилд оролцож, мэргэжил дээшлүүлснээс гадна Франц, Герман, Англи зэрэг европын улс орнуудад бурханы шашны сургалт, эрдэм шинжилгээний ажлуудыг эрхлэн зохион байгуулж, Буддизмын холбогдолтой “6-р Далай лам Цаянжамцын Хайрын дуунууд”, “Рашааны шимт дуслууд”, Зүүдний тайлал”, Буддизм дэлхий дахинаа”, Амьдрах ухаан”, Бурханы шашинтан байхын утга учир”, Бурханы шашин ба Монгол ёсон”, Жарун Хашор суваргын түүх”, Таны төөрөг 12 жилд” зэрэг ном бүтээлүүдийг эрхлэн нийтийн хүртээл болгосноос гадна бурханы шашны сургалт судалгаа, танин мэдэхүйн чиглэлээр 20 гаруй тайлбар тайллыг эрхлэн хэвлүүлсэн билээ. Одоо “Сайн Номуун” хийдийн хамба ламаар ажиллаж байна.