“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” Шашны сургалттай ерөнхий боловсролын сургууль


Шинээр элсэн орсон шавь суралцагчид гэнэн сахил хүртэж буй нь

Анх Их багш Бакула Ринбуучийн санаачлага дэмжлэгтэйгээр “Сайн Номуун хийд”-ийн дэргэд1998 онд “Гурван эрдэнэ” шашны дунд сургуулийг 32 шавь сурагчтайгаар үүсгэн байгуулж, шашны болон ерөнхий эрдмийн хичээлийг программын дагуу хослуулан сургаж, шашны болон хувь  хүний ёс зүйн төлөвшилтэй чадварлаг лам нарыг бэлтгэн 2002 онд анхны төгсөлтөө хийж байснаас хойш 300 гаруй шавь сурагчдыг сурган хүмүүжүүлээд байна. Сургууль байгуулагдсанаас хойш тус сургуулийг олон арван шавь нар төгссөнөөс зарим нь мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр гадаад дотоодын их сургуулиудад үргэлжлүүлэн суралцахын зэрэгцээ хийд болон эх орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан, гар бие оролцож үр бүтээлтэй ажилласаар байна.

Боловсрол гэдэг бол аливаа улс орны амин чухал асуудлуудын нэг бөгөөд боловсрол мэдлэггүйгээр улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэг хэцүү учраас манай хийд залуу шавь нараа дотооддоо сургахаас гадна Энэтхэг, Хятад Төвдийн томоохон дацан сургуулиудад шавь нарыг сурган чадавхжуулж байна. Мөн Энэтхэг улс дахь Бурханы шашны “Гоман” дацангаас гэвш цолтой эрдэм мэдлэгтэй төвөд лам нарыг урин ажиллуулж, шавь сурагчдынхаа эрдэм мэдлэгийг дээшлүүлсээр 10 гаруй жилийг үдэж байгаа билээ.

Одоогоор тус сургуульд маань 60 орчим шавь нар бүртгэлтэй байгаа бөгөөд шавь сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлсэн, мэргэжлийн багш ажилчдаар хангагдсан, хөдөө орон нутгийн хүүхдүүдийг өөрийн дотуур байрандаа байрлуулж, суралцах бүхий л нөхцөл бололцоогоор ханган шашны болон ерөнхий боловсролыг олгон ажиллаж байна. Сургуулийн нийт суралцагчдад шашны боловсролын талаарх хичээлийг Энэтхэг улсын “Гоман Дацангаас” уригдан ирсэн Төвөд хэл, ёс дүлба, гүн ухаан зэргээр мэргэшсэн гэвш лхаарамба лам нар, мөн Монголдоо болон Энэтхэг улсад суралцсан монгол лам нар зааварлан сургаж байна. “Сайн Номуун” хийдийн дэргэдэх тус сургууль нь шашны мэдлэг дээшлүүлэх сургалтыг зөвхөн дотооддоо бэлтгэх төдийгүй гадаадын шашны төвүүдэд тухайлбал, Энэтхэгийн “Гоман” дацан болон Дарамсала, Солонгосын “Ёнчүгсан”, БНХАУ-ын Хайнаны буддын академи, Бээжин хот дахь буддын сүм зэрэг газруудад өнгөрсөн хугацаанд олон тооны лам шавь нарыг бэлтгэн сургаснаас зарим нь одоог хүртэл үргэлжлүүлэн суралцаж, нилээд нь суралцсан сургуулиа амжилттай дүүргэн, төрөлх хийдийнхээ хурал номын үйл ажилд гар бие оролцон, залуу шавь хүүхдүүдэд шашны хичээл, хурал номын жаяг дэглэмийг заан сургаж байна. Тус сургуулийн онцлог нь шавь суралцагчдыг суралцах орчин нөхцлөөр бүрэн дүүрэн хангаж, тэднийг цогцолбор төв дотроо дотуур байранд байрлуулан хооллож ундлан, суралцах боломжоор хангаж эрдэм мэдлэгтэй иргэнийг бэлтгэхэд оршино.

Сургуулийн эрхэм зорилго нь дүүрэг болон нийслэлд үлгэр жишээ болохуйц сургалтын болон сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлсэн, сургалтын чанар хүртээмжийг дээшлүүлэн, шашны болон ерөнхий эрдмийг хослуулан эзэмшүүлсэн эвсэг, бүтээлч, тэргүүний хамт олон болох ба Бурханы шашны номыг судлан цаашид лам болохоос гадна хүмүүнлэг төлөвшсөн иргэдийг бэлтгэхэд чиглэн, суралцагчдад бүтээлч, бодит чадвартай иргэн болон төлөвшихөд шаардагдах суурь боловсролыг чанартай, хүртээмжтэй, жигд эзэмшүүлэхэд оршино.